Today i learned - Нөхцөлгүй хайраар үр хүүхдээ хайрлах нь

Өөрийн аав ээж, эмээ өвөөгөөс мэдэрсэн хайраа үр хүүхдэдээ хуваалцахаас эхэлсэн хайр маань орчин тойрны нөлөөллөөр түлхүү бий болдог далд ухамсар, мэдрэмжээ ажиглахаар үргэлжилсээр байна. 


Хүүхдийн сэтгэл зүйн талаарх номноос хүүхэд ямар гэнэн цагаахан байдгийг уншаад л өнгөрсөн бол хийдэг үйлдлийг чинь дуурайх, хэрэглэдэг үгсийг чинь хэлэх үед өөрийгөө тольдох шиг л болох юм.

Одоогоос 3 жилийн өмнө Молор-Эрдэнэ философичийн эхийн хайр нөхцөлгүй, эцгийн хайр нөхцөлтэй байх ёстой талаарх яриаг тайлбартай нь сонсоход нэрээ ч тийм юм уу гэж бодоод хэсэг хугацаа өнгөрсөн байх. Дараа нь нэг орой энэ талаар эргэцүүлээд бодсон яг яагаад ийм бодолд хүрсэн юм бол, ямар байдлаар хэрэгжүүлэх юм бол? хэн ер нь ийм санааг бодож олсон юм бол гээд судалж гарсан. Германы сэтгэл зүйч Erich Fromm 1956 онд хайрлах урлаг номондоо хайрын төрлүүдийг ангилж нэг бүр дээр нь тодорхой дүгнэлтүүд оруулсан байх юм. Сонирхолтой нь тэрээр хайрыг сэтгэл хөдлөл, мэдрэмж гэж үзэхээс илүү филосифийн байр суурь, соёл, хувь хүний ёс суртахууны хэм хэмжүүр гэсэн өнцгөөс тайлбарууд өгч. 

Хайр дурлал, үр удмаа үлдээх нь өөрөө мөнхийн асуудлууд гэдгийг нь түүхэн зохиол романууд дээрээс л харж сонсож явснаас тэдгээрийг судлаад амьдрал ахуйдаа хэрэгжүүлье гэж бодож явсангүй. Мөнхийн асуудлууд тухайн цаг үеийхаа нөлөөн доор хариултууд өөрчлөгдөж болох ч өмнөх бүх бодлууд бидэнд нээлттэй байгаагийнх өөртөө тохирсон эсвэл шинэ арга барилаар үзэж болох юм бишүү гэсэн бодол үүний дараагаар төрж эхэлсэн. 

Амьдарч буй нийгмээ анзаарахаар явж буй чиглэл нь бүх юм илбэг дэлбэг болж байгаа хэдий ч нэг нэгнээсээ илүү тусгаарлагдсан мэдрэмж илүү зонхилж, утга учиртай амьдрах хүсэл өмнөх зуунуудаас нэмэгдсэн, өөрийгөө олох өвөрмөц байдлаа хүлээн зөвшөөрөхөд сэтгэл зүйн хувьд зориг шаардах юм байна гэж үзсэн тул хүүхдэдээ ээж нь гэлтгүй аав нь ч гэсэн нөхцөлгүй хайраар хайрлах ёстой юм байна гэж бодлоо. Цаашид ч зааж сургахаас илүү хүлээн зөвшөөрч, алдах орон зайг нь өгч сонсох хүсэлтэй үед нь бодлоо хэлье гэж хичээж байна. Хүүхдүүдийн маань энэ нийгмээс олж авч чадахгүй ганц зүйл нь эцэг эхийн ямар ч нөхцөл тавиагүй, тэднийг байгаагаар нь хайрлах хайр юм шиг. Магадгүй бусад бүх зүйлсийг тэд өөрсдөө олж авч чадах байх.

Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок