Ярианы өнгө аяс
Одоогоос 20 жилийн өмнө биен тамирын багш маань над дээр ирээд "Би чамтай түр ярилцаж болох уу? гэж асуув.
Түүний өрөөрүүн хамт ороход тэрээр намайг ширээний теннисний багтаа багтаагүй болохыг дуулгав. Би ширээний теннист ид орчиxсон дурлаад байсан үе бөгөөд нөгөө талаар сургуульд маань олон сайн тоглодог хүүхдүүд байсан тул гайхах хэрэггүй байв. Гэхдээ би ихэд сэтгэлээр унасан. Хичээл сурлагдаа төдий л сайнгүй байсан тул өөрийгөө харуулах том боломжоо хоромхон зуур энгээд алдчихлаа хэмээн бодож билээ.
Төлөвшөөгүй оюун ухаандаа Есөө багшийг харгис хэрцгий, шударга бус гэж бодож байв. Гэвч хэдэн арван жил өнгөрсний дараагаар би түүнийг өөртөө одоо хэр нь сайн хүн байж дээ гэж боддог.
Яагаад гэж үү?
Багш маань тухайн мөчид үнэхээр эелдэг байсан. Тэрээр миний оронд өөрийгөө тавьж, үндэслэлээ шударгаар тайлбарласан. Бүрэлдэхүүн аль хэдийн бүрдсэн байсан бөгөөд хэнийг үлдээхээ шийдэх нь түүнд хэцүү ажил болохыг тайлбарласныг санаж байна. Тэр намайг дараа жил илүү сайжраад оролцохыг ятгасан (би ч тэгж, ирэх жил сургуулиа төлөөлөн дүүргийн тэмцээнүүдэд орсон).
Амьдрал дээр гарч хувиа хичээсэн хүмүүстэй зууралдаж, таагүй харилцаанууд, муу удирдлага доор ажиллаж байж л онцгүй гарууд ямар байдгийг жинхэнэ утгаар мэдэж авсан.
Хүмүүс бид бусдын яриаг энгийн зүйл мэтээр хүлээн авч, түүнийгээ тухайн мөчид хариулсан болоод үлддэг гэж эндүүрдэг. Гэсэн хэдий ч бид хүмүүсийн сонгосон үгсээр тэдний талаар маш их зүйлийг мэдэж болно. Тэдний хүсэл эрмэлзэл, зорилго, зан чанар, сэтгэл зүйн байдал болон бусад зүйлийг илхнээ дэлгэж байдаг. Хэлэх гэсэн санаа маань аливаа зүйлийг хэлэх бишгүй олон арга замууд бий. Харин үүнийг хэрхэн хэлэхийг сонгох нь тэдний талаар маш их зүйлийг хэлж байдаг
Comments
Post a Comment