Today i learned: Хурц ухаанаа зөв зүйлд ашиглах нь

Монголчууд маань ухаантай ард түмэн. Малчны хотноос эх орондоо төдийгүй дэлхийн аль нэг улсад хэрэгжиж буй төслийг шүүмжлэхдээ зүгээр ч нэг аахар шаахар зүйлээр баалах биш үнэхээр л бас бодууштай голыг нь олоод шүүмжилчихдэг. Нэг үгээр бид хурц ухаанаа аливааг шүүмжиллэхэд түлхүү ашиглаад байх шиг.


Сүүлд төслийн менежментийн шалгалтад бэлдэх зуураа төслийг амжилттай хэрэгжүүлэхэд оролцогч талууд бүх зүйл дээр санал нийлсэн байх шаардлагагүйг сайтар ойлгосон. Зорьсон үр дүнгээ гаргахад төслийн менежерээс ур ухаан гарах хэрэгтэй. Харилцан ашигтай хамтран ажиллахыг оролдох, төслийн төлөвлөгөөнд олон талын оролцоог эхнээс нь шигтгэх зэрэг зөөлөн ур чадваруудаараа давж гарж болдог юм байна.

Нэг удаа амьдарч буй байрны сөх-ийн үйл ажиллагаа миний үнэлэлт дүгнэлтээр доголдож байв. Удалгүй гүйцэтгэх захирлын ажлын байрны зар явж байхыг нь хараад ажлынхаа хажуугаар өглөө оройдоо гэртээ байгаагийнх үйл ажиллагааг нь сэргээгээд авах боломжтой санагдсан. Монголд бид чинь гоёмсог тохижилттой орчинд амьдрахыг зорьдог хирнээ гаднах орчин тойрноо торддог нь цөөхөн. Иймд сурах, сайжруулах боломжууд ихтэй зах зээлд гэж үзээд нэрээ өгөв. Харамсалтай нь барилгын компанийх нөхдүүд нийлээд хэл ам гаргуулахгүйгээр урдаас төлөвлөсөн хүнээ гаргадгийн мэдээгүй байснаа ойлгосон. Сонгууль ч дуусаж би ч сонирхол буураад үйл ажиллагаанд нь оролцоогүй.

Гэтэл сайжруулж болох олон зүйл байсан. Оролцоогоо өөрийн дүгнэснээр ийм хүмүүстэй ажиллахгүй ээ гээд хумьсан. Хэдий тухайн үедээ огт оролцоогүй үлдсэн ч дараа дараагийн ажилд эхлээд би үнэхээр энэ зүйлийг хүсэж байна уу? Надад хүссэн ажлын байр, нөхцөл нь бүрдээгүй байсан ч би тухайн өөрчлөлтийг авчрахад гар бие оролцоход бэлэн үү гэсэн асуултыг өөрөөсөө үнэнчээр асуугаад тийм гэсэн хариулт авбал хэнтэй ч байсан хамтраад үр дүн гаргаж сурах хэрэгтэйгээ ойлгосон. Хандлага үнэн худал нь ажиглагддаг. Бидний бодож явсан муу хүмүүс үнэхээр тийм муу биш ч юм билүү? Барилгын компаний тухайд амнаас ам дамжин бодит мэдээллийг эрэлхийлдэггүй зах зээлд дараагийн хотхоныхоо борлуулалтыг баллахгүй нь тулд нэр төрөө л хамгаалах хэрэгтэй байдаг ч билүү. Нэр төрийн унагаахгүй гэсэн итгэл төрүүлбэл асуудал арай өөр байсан байж мэдэх.

Өөрийн сонирхсон салбартаа ажиллахад хүртэл хэцүү хүмүүстэй хамтран ажиллах үе гардаг. Тэр болгонд асуудал болгоод байвал цаг хугацаа эрч хүч хайран. Юмс болж өнгөрнө, хүмүүс өөр өөрийнхөө замналаар урагшилна тухайн мөчид өширхөж сөргөөж байсан дурсамжтай үлдэхээр хамтраад амаргүй байсан ч зорьсон үр дүндээ хүрсэн байх нь дээр юм билээ. Урт хугацааны харилцаа хамтралаас л хамгийн үр өгөөжтэй зүйлүүд гардаг шүү дээ.

Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок