Today i learned: 1. Бичих дадал
Бичиж сурахаар хичээсэн ч ер болж өгөхгүй бичсэн хэдэн юмаа арилгасаар эхний хэсэг хугацаанд оролдоод больсон. Дараа нэг сэдэл төрөх үед нь урьдын алдаагаа давтахгүйн үүднээс арилгаж болохгүйгээр нь цаасан дээр бичээд энгийн зүйлээс эхлэхээр шийдэж тэмдэглэл хөтөлж эхлээд хааяа нэг эргэж хардаг хаяж чадахгүй жижиг том 16 дэвтэртэй болсон байна.
Дэвтэр хөтөлж үзээгүй хүнд энэ хоосон хуудсыг чинь одоо юугаар дүүргэдэг юм билээ гэдэг өөрөө том асуулт. Чаддагаар нь өдөрт хийх юмаа жагсааж бичээд өдрийн төгсгөлд тухайн өдрөө дүгнэх байдлаар явсан. Эхний хэдэн жилүүдийн тэмдэглэлээ харахаар алаг цоог 5-10 өдрөөр үсэрсэн нь олон. Заримдаа сараар нь алга болно. Юу хийгээд тийм завгүй байснаа гайхна. Хожуу 2014 орчимд дэвтэртэйгээ ажиллаж хэвшээд улмаар толгой дотроо ажлуудаа бодохоо больсон нь анхны бичиж эхэлснээс хойших үр дүн байсан юм гэж бодлоо.
Үүнээс хойш дахин нэг шат ахиулах гээд богино нийтлэл бичээд байгаа. Амаргүй юм. Яг л өөрийнхөө мэддэг, сонирхдог зүйлсээсээ эхлэхгүй бол хэдэн өдөр бичээд больчиxно. Зорилгоо тавиад эхэлбэл арай дээр. Энэ хугацаанд Итали улсад сурахаар сонирхож буй залууст өөрийн туршлагаа хуваалцсан гарын авлага, Крипто пуужинд байхдаа NFT гарын авлага, сонирхдог спортынхоо дүрмийн орчуулгыг хийсэн нь өдөр өдөрт бага багаар бичсэний үр дүн байх. Нэг суултаар бичиж дуусгахгүй л байсан болвуу. Бусад чухал ажлууд бодогдоод, агуулга, алдаагаа зассаар маш их цаг ордог юм билээ. Энэ мэт бичсээр хүн ордоггүй блог дээрээ 429, дэвтэр цаас нь дээр 80 гаруй нийтлэл бичиж.
Энэ бүхний эцэст яг яагаад бичиж сурах гээд байгаагаа бодно. Бизнесийн сургуульд сурч байхдаа гар дээрээс борлуулалт хийж чадахгүй байгаагаа ойлгоод онлайн орчинд бичиж юм хийж буй зүйлээ сурталчлах гээд байгаа юм болов уу. Хүмүүсийн хэлдгээр бичихээр сэтгэл санаа тэнийгээд байгаа юм болов уу. Уг нь дасгал хийхээр сэтгэл санаа дажгүй болдог гэж өөртөө бодно. Аавын хэлдгээр их юм ярьдаг хүн богино насалдаг гэсэн урт наслах гээд байгаа юм болов уу.
Өнөөдөр анх удаа өөрийнхөө фэйсбүүк хаягт бичсэн нийтлэлээ шууд оруулж байна. Өмнө нь бичдэг хэр нь бусдаас санаа зовоод нэг пэйж нээчхээд тийш оруулаад байсан. Алдаа гарвал засаад явна. Өдөр бүр оруулаад тухайн өдөр юу сурсан мэдсэнээ хуваалцъя гэж бодлоо. Өдөр бүр бичээд байхаар нэг нийтлэл, нэг постын ач холбогдол өөрөө буурчихдаг юм билээ. Бичих чинь өөрийгөө илэрхийлэх нэг хэлбэр гэж үзвэл энэ нь санаа зоволтыг ч дагаад багасгана.
Comments
Post a Comment